Монгол Улсын байгаль орчны ардчиллын индекcийн тойм

Хүний эрх хөгжил төв-ЛогоSTRIPE-II төслийн хүрээнд Хүний эрх хөгжил төв Монгол Улсын Байгаль орчны ардчиллын индексийг судалж гаргаад байна. Энэхүү тойм нь 2014 онд гаргасан бөгөөд энэ талаар ахиж судалгаа хийгдээгүй байгаа юм.

Тойм
Монгол Улсын мэдээллийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн оноо тийм ч сайн биш (3-аас 1.67) байна. Үүнээс илүү өндөр оноо авах боломжтой байсан хэдий ч зөвхөн цөөн хэдхэн төрийн байгууллага мэдээллийг өөрийн санаачилгаар иргэдэд өгдөг байдал уг оноонд нөлөөлжээ.

Тухайлбал, Монгол Улсын Агаарын тухай хуулинд, нутгийн захиргааны байгууллагууд агаарын бохирдлын түвшин, хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх үүрэгтэй гэжээ. Нэг нааштай тал нь, байгаль орчны тухай мэдээллийг нийтийн хүртээл болгох, мөн тэдгээрийг хэрхэн авах тухай мэдээллийг иргэдэд хүргэдэг байх шаардлагыг ихэнх холбогдох яам, агентлагуудад тавьдаг байна. Түүнчлэн, төрийн агентлагууд агаар, усны чанар, ойн тухай мэдээлэл цуглуулах үүрэг хүлээдэг. Мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд өргөн хүрээний олон төрлийн мэдээлэл авах эрхийг тодорхой зааж, хууль тогтоомж, дүрэм журмыг ойлгоход хялбар, энгийн үг хэрэглэн боловсруулах шаардлага зэрэг хэд хэдэн эерэг асуудлыг тусгажээ. Гэвч тус хуулинд нууцад хамаарах мэдээллийг хэт өргөн хүрээнд тодорхойлж, нууцлах шаардлагатай мэдээллийг ил болгох мэдээллээс хэрхэн зааглах тухай журмыг тусгаагүй байна. Монгол улс нууцлах мэдээллийнхээ тодорхойлолтыг оновчтой болгох, мэдээллийг өөрийн санаачилгаар нийтэд хүргэх үүрэг бүхий төрийн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх замаар ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн оноогоо нэлээд ахиулах боломжтой.

Монгол улс хэд хэдэн шалтгааны улмаас иргэдийн оролцоог хангах чиглэлээр хамгийн бага оноо (3-аас 1.04) авсан байна.

Нэгдүгээрт, байгаль орчны асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжийг хэд хэдэн салбарын хуулиар иргэдэд олгосон байдаг ч шийдвэр гаргах процессын эхний шатны үйл ажиллагаанд оролцох эрхийг иргэдэд олгох асуудлыг зөвхөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар зохицуулжээ. Төрийн байгууллагууд байгаль орчны асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийн өгсөн саналыг харгалзах эсэх асуудлыг зохицуулсан хууль Монголд байхгүй байна. Түүнчлэн байгаль орчны асуудлаар өмнө нь гаргасан шийдвэрийг хянах боломжийг иргэдэд олгосон хууль ч байхгүй байна. Гэхдээ үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, төсөл, стратегийн үнэлгээ боловсруулахад саналаа ирүүлэх боломжийг иргэдэд хуулиар олгосон байдаг ажээ. Иймээс шийдвэр гаргах процессын эхний шатны үйл ажиллагаанд оролцох эрхийг иргэдэд олгох, шийдвэр гаргахдаа иргэдийн ирүүлсэн саналыг тусгахыг төрийн байгууллагуудад үүрэг болгосноор шийдвэр гаргах процесст иргэдийн оролцоог хангах шалгуур үзүүлэлтээр Монгол улсын эзлэх байр нь огцом өсөх боломжтой.

Монгол улс шүүхэд нэхэмжлэл гаргах чиглэлээр харьцангуй өндөр оноо (3-аас 2.07) авчээ. Энэ нь мэдээлэл авах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд гомдол гаргах боломжийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар зохицуулсан байдагтай холбоотой. Монгол улс шүүхэд нэхэмжлэл гаргахад тулгарч байгаа эдийн засгийн болоод хүйсийн ялгаварлалтын асуудлыг зохистой шийдвэрлэх замаар энэ чиглэлээр илүү өндөр оноо авах боломжтой. Монголын хуулиудад байгаль орчинд хохирол учруулсан бол буруутай этгээдээр нөхөн төлбөр төлүүлэх, үйл ажиллагаанд нь хориг тавих, нөхөн сэргээлт хийлгэх зэрэг үр дүнтэй арга хэмжээг зөвхөн цөөн хэдэн тохиолдолд авах талаар заажээ. Байгаль орчинтой холбоотой зарим маргааныг шүүхээс гадуур маргаан шийдвэрлэх арга болох арбитр, эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэх тухай заасан байна. Тиймээс Монгол улс, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих байгаль орчинтой холбоотой зөрчлийн хүрээг өргөсгөж, мөн шүүхэд хандахад тулгарч буй бэрхшээлүүдийг үр дүнтэй шийдвэрлэх замаар энэ чиглэлээрх оноогоо ахиулах боломжтой юм.
Давуу болон сул талууд

Мэдээлэл авах – Давуу талууд
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтын талаарх мэдээллээ ил тод болгохыг төрийн байгууллагуудад үүрэг болгожээ.
• Монгол Улсын Агаарын тухай хуулинд, нутгийн захиргааны байгууллагууд агаарын бохирдлын түвшин, хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх үүрэгтэй гэжээ.
• Салбарын гол яам, агентлагуудын ихэнх нь байгаль орчны тухай мэдээллийг нийтийн хүртээл болгох, мөн мэдээлэл хэрхэн авах арга замыг иргэдэд зааж өгөх үүрэг хүлээжээ.

Мэдээлэл авах – Сул талууд
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд нууц мэдээлэл задруулахыг хориглох үндэслэлийг хэт өргөн хүрээнд тодорхойлжээ. Түүнчлэн, ил тод болгох, ил тод болгохгүй байх мэдээллийн зааг ялгааг тодорхойгүй байна.
• Байгаль орчны тухай мэдээллийг өөрийн санаачилгаар ил тод болгодог төрийн яам, агентлагийн тоо хангалтгүй.

Иргэдийн оролцоог хангах – Давуу талууд
• Иргэдэд байгаль орчны асуудлаарх шийдвэр гаргах процесст оролцох боломжийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тус тус олгосон байна.
• Монголын холбогдох хуулиудад заасны дагуу төрийн байгууллагууд байгаль орчинд нөлөөлж болзошгүй асуудлаар нийтээр дагаж мөрдөх журам боловсруулахдаа иргэдээс саналыг нь авах ёстой.

Иргэдийн оролцоог хангах–Сул талууд
• Байгаль орчинд нөлөөлөх байдлыэ үнэлгээний тухай хуулинд иргэд шийдвэр гаргах процессын эхний шатны үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэсэн ч бусад хуулинд энэ талаар тусгаагүй байна.
• Монгол улсад байгаль орчны асуудалтай холбоотой шийдвэр гаргах процесст иргэдийн саналыг тусгах шаардлагатай эсэхийг зохицуулсан хууль тогтоомж байхгүй байна.

Шүүхэд хандах – Давуу талууд
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд мэдээлэл авах хүсэлтийн дагуу мэдээлэл авч чадаагүй иргэд, хуулийн этгээд, харьяалалгүй этгээд уг шийдвэрийн мөрөөр давж заалдах эрхтэй гэж заажээ.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулинд иргэд өргөдөл, гомдлоо эхлээд нутгийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд хэрэв тэдний шийдвэр гаргах процесст оролцох эрх нь зөрчигдсөн бол дараагийн ээлжинд шүүхэд хандах эрхтэй гэжээ.

Шүүхэд хандах – Сул талууд
• Байгаль орчны тухай ихэнх хуулинд байгаль орчинд учруулсан хор хөнөөлийг шийдвэрлэх хангалттай, үр дүнтэй арга хэмжээг заагаагүй.
• Шүүхийн захиргааны тухай хуулинд бүх шатны шүүхийн байгууллагууд шийдвэрээ өөрийн санаачилгаар иргэдэд ил тод болгохын тулд цахим хуудсандаа байршуулах ёстой гэжээ.
• Монголын хуулиудад аливаа шийдвэрийг хянан галгах үйл ажиллагааг зардал багатайгаар гүйцэтгэх явдлыг баталгаажуулахад чухал санхүүгийн бэрхшээлийг арилгах арга хэмжээг тусгаагүй байна. Түүнчлэн, тэдгээр хуулиудад шүүхэд хандахад тулгарч буй хүйсийн ялгаварлалын асуудлыг ч тусгаагүй байдаг.

Үндсэн асуудал 1 – Мэдээллийн ил тод байдал

Иргэдэд байгаль орчны тухай мэдээлэл авах, тодорхой тодорхойлсон эрх олгосон байдаг уу? Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд төрийн байгууллагууд үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтын тухай мэдээллээ ил тод болгох ёстой гэж заажээ. Монголын болон гадаадын иргэд, харьяалалгүй этгээдэд мэдээлэл авах болсон хэрэгцээ, шаардлагаа заавал дурдалгүй, байгаль орчны мэдээллийг оруулан бүх төрлийн мэдээлэл авах хүсэлт гаргах эрх олгосон байна. Холбогдох хуулинд, мэдээлэл авахтай холбоотой зардал нь тухайн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх зорилгоор хувилах, олшруулах зардлаас хэтрэхгүй байх ёстой гэж байгаа ч нууц мэдээлэл өгөхөөс татгалзах үндэслэлийг хэт өргөн хүрээнд тодорхойлсон байна. Ил тод мэдээлэх, ил тод мэдээлэхгүй мэдээллийн зааг ялгаа тодорхой бус.

Байгаль орчин, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллагууд өөрийн санаачилгаар иргэдэд ил тод мэдээлдэг үү? Салбарын цөөн хэдэн гол яам, агентлагууд байгаль орчны тухай мэдээллийг иргэдэд өөрийн санаачилгаар ил тод болгох үүрэг хүлээсэн байдаг. Жишээлбэл, Монгол Улсын Агаарын тухай хуулинд, нутгийн захиргааны байгууллагууд агаарын бохирдлын түвшин, хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх үүрэгтэй гэжээ. Гэвч байгаль орчны тухай бусад хуулинд орчны чанартай холбоотой мэдээллийг иргэдэд мэдээлэх төрийн байгууллагуудын үүргийн тухай зүйл, заалт огт байхгүй байна. Монгол Улсын Засгийн газар зөвхөн нийслэл хотын агаарын чанарын тухай мэдээллийг тухайн бодит цагийнх нь байдлаар, онлайнаар тогтмол мэдээлдэг байна. Гэхдээ хэрэглэгчид тодорхой нэг жилийн хугацаанд хэрэглэсэн ундны усныхаа чанарын талаарх мэдээллийг авах боломжгүй ажээ.

Дүгнэлт
• Монгол Улсын Үндсэн хуулинд, “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэжээ.
• Иргэдийн мэдээлэл авах эрхийн тухай 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заажээ. Хуулийн 6 дүгээр зүйлд, төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн газрууд үйл ажиллагаа, төсөв, хүний нөөц, худалдан авалтын тухай мэдээллээ ил тод болгох ёстой гэжээ. Хэдийгээр тус хуулинд Монгол улсад оршин сууж буй гадаадын болон харьяалалгүй иргэд мэдээлэл авах эрхтэй гэсэн ч Монгол улсад оршин суудаггүй иргэд мэдээлэл авах эрх олгоогүй байна. Хуулийн 16.4-т мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах зардлаас хэтэрч болохгүй гэж заажээ.
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд “мэдээллийг хүсэлт гаргасан иргэнд ажлын 7 өдрийн дотор өгөх бөгөөд эсвэл [шаардлагатай гэж үзвэл] энэ хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж болно”, “энэ хууль нь шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх үүрэг бүхий төрийн бүх байгууллагад үйлчилнэ”, иргэд “мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх эрхтэй” (12.1.3) гэж тус тус заажээ.
• Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчны асуудал хариуцсан цөөн хэдэн төрийн яам, агентлагууд байгаль орчны тухай мэдээллийг өөрийн санаачилгаар ил тод болгох үүрэг хүлээжээ. Тухайлбал, Агаарын тухай хуулийн 8.1.8-д нутгийн захиргааны байгууллагууд хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх үүрэгтэй гэжээ.
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7.1.4-т “үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудастаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэнэ” гэжээ. Салбарын гол яам, агентлагуудын ихэнх нь байгаль орчны тухай мэдээллийг нийтийн хүртээл болгох, мөн хэрхэн авах арга замыг иргэдэд зааж өгөх үүрэг хүлээжээ.
• Хуулийг практикт хэрхэн хэрэглэж байгаа тухайд, Монгол Улсын Засгийн газар зөвхөн нийслэл хотын агаарын чанарын тухай мэдээллийг тухайн бодит цагийнх нь байдлаар, онлайнаар тогтмол мэдээлдэг байна. Гэхдээ хэрэглэгчид тодорхой нэг жилийн хугацаанд хэрэглэсэн ундны усныхаа чанарын талаарх мэдээллийг авах боломжгүй байдаг ажээ.
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд байгаль орчны тухай мэдээлэл өгөхөөс татгалзах үндэслэлийг тусгасан ч тэдгээрийг хэт өргөн хүрээнд авч үзсэн байна. Тухайлбал, тус хуулийн 11.1-д “хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зорилгоор мэдээлэл өгөхөөс татгалзана гэжээ.
• Мэдээлэл авах эрхийн тухай хуулинд иргэнд хүссэн мэдээллийг нь өгөхийн тулд нууцлах мэдээллийг хэрхэн нууцлах шаардлагагүй мэдээллээс ялгах тухай журмыг огт тусгаагүй байна. Нийтийн ашиг сонирхлын төлөө нууцлах шаардлагагүй мэдээллийн тухайд Байгууллагын нууцын тухай хуулинд заасны дагуу тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийн тухай мэдээллийг нууцалж болохгүй. Үүний нэгэн адил гэмт хэргийн тухай мэдээллийг ч нууцалж болохгүй. Нийтийн ашиг сонирхлын төлөө нууцлах шаардлагагүй цөөн хэдхэн төрлийн мэдээллийг хуулинд заасан ч ихээхэн өргөн хүрээний мэдээллийг мэдээллийн нууцыг хадгалах гэсэн үндэслэлээр олгохоос татгалздаг байна.
• Агаарын тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хуульд төрийн байгууллагууд агаар, ус, ойтой холбоотой мэдээлэл цуглуулах үүрэгтэй гэжээ. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой хэд хэдэн хуулиар байгальд орчинд халтай үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаа, хууль сахилтыг тогтмол хянах эрх мэдлийг төрийн байгууллагуудад олгожээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд санал болгож буй, эсвэл хэдийн эхлүүлсэн үйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд ил тод болгох зорилгоор байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх тухай заасан байна. Уг мэдээллийн санд газар, түүний хөрс, ашигт малтмал, ус болон байгаль орчны бусад асуудлын талаарх мэдээллийг оруулсан байдаг боловч байгаль орчинд нөлөөлж болзошгүй, санал болгож буй үйл ажиллагааны тухай мэдээллийг оруулах шаардлагагүй байдаг ажээ.
• Монгол улсад байгууламжийн түвшинд томоохон үйлдвэрүүдийн ялгаруулж буй хорт бодисын тухай мэдээллийг цахимаар, эсвэл нийтэд зориулсан мэдээллийн бүртгэлээр дамжуулан өөрийн санаачилгаар ил тод болгох асуудал хариуцсан үндэсний хэмжээний байгууллага байдаггүй байна. Түүнчлэн байгаль орчны нөхцөл байдлын талаарх тайланг нийтийн хүртээл болгох төрийн байгууллагуудын үүргийг зохицуулсан хууль тогтоомж байхгүй байна. Хуулийг практикт хэрхэн хэрэглэж байгаа тухайд, Монгол Улсын Засгийн газар сүүлийн арван жилийн хугацаанд цөөн тооны байгаль орчны тухай тайлан хэвлүүлжээ.
• Агаарын тухай хуулийн 12.3-т, мэргэжлийн алба нь агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, олон нийтэд шуурхай мэдээлж, эрүүл мэндийн зөвлөлгөө өгнө гэсэн байна. Хэрэв гэнэтийн гамшиг, эсвэл үйлдвэрийн ослын улмаас агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн бол иргэн, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллагууд мөн энэ тухай мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэдэг байх ёстой.
Үндсэн асуудал 2 – Иргэдийн оролцоог хангах

Байгаль орчинд нөлөөлж болзошгүй төсөл хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох болон бусад шийдвэр гаргах процесст хангалттай мэдээлэл авсны үндсэн дээр эхнээс нь оролцох эрхийг иргэдэд олгосон байдаг уу? Байгаль орчинтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах процесст иргэд оролцох боломжтой тухай Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд тус тус заажээ. Гэвч шийдвэр гаргах процессын анхан шатны үйл ажиллагаанд оролцох эрхийг зөвхөн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн тухай хуулиар зохицуулсан байна.

Иргэд байгаль орчинд нөлөөлөх дүрэм журам, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад оролцох эрхтэй юу? Монгол улсын хууль тогтоомжид, төрийн байгууллагууд байгаль орчинд нэлээд хэмжээний нөлөө үзүүлж болзошгүй, нийтээр дагаж мөрдөх дүрэм журам боловсруулахын тулд иргэдийн саналыг авч болно гэж заасан байна. Тухайлбал, Үндсэн хууль болон бусад журам (хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэхээр өргөн барих)-д байгаль орчинд нэлээд хэмжээний нөлөө үзүүлж болзошгүй, заавал биелэгдэх хүчинтэй дүрэм журам боловсруулахын тулд иргэдийн саналыг авч болно гэжээ.
Тойм дүгнэлт
• Иргэд байгаль орчинд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж болзошгүй төсөл хэрэгжүүлэх, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, төлөвлөлт хийхтэй холбоотой шийдвэр гаргах процесст хуулийн дагуу оролцох боломжтой. Энэ боломжийг иргэдэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тус тус олгосон байна.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журамд стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь тодорхой асуудлаар шийдвэр гаргахын өмнө үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтээс санал авах тухай мэдээллийг санал авч эхлэхээс өмнө олон нийтэд мэдээлж, санал авна гэж заасан хэдий ч шийдвэр гаргах процессын эхний шатанд олон нийтийн оролцоог хангах боломжийг тусгасан хууль тун цөөн байна.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т, төрийн захиргааны төв байгууллага төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгохдоо “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг харгалзана” гэжээ.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, бохирдлын хяналт, ойн концессын гэрээ, олборлох үйлдвэрлэл, биологийн төрөл зүйлс, хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуд байгаль орчинтой холбоотой шийдвэр гаргахдаа олон нийтийн оролцоог хангах шаардлагыг бүх төрийн байгууллагуудад тавьсан байна.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18-р зүйлд, БоАИ-т хамаарах хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг засгийн газрын цахим хуудаст байршуулан, мэдээлэл түгээхийг Байгаль орчны яаманд үүрэг болгожээ. БоАИ-ийн журмын дагуу төрийн агентлагууд мэдээллийг иргэдэд өөрийн санаачилгаар өгдөг эсэхийг үнэлэх ёстой байдаг.
• Иргэдэд байгаль орчны талаарх шийдвэрийн талаар саналаа илэрхийлэх боломжийг Монгол улсын ихэнх хууль тогтоомжид хангалтай түвшинд тусгасан байна. Иргэд саналаа бичгээр, эсвэл амаар илэрхийлэх боломжтой. Иргэдийн саналыг тухайн орон нутгийн захиргааны байгууллагууд хүлээж авдаг байна.
• Үнэлгээнд хэрэглэсэн хуулиудаас цөөн хэд нь л шийдвэр гаргахад ашигласан бүх холбогдох мэдээллийг иргэдэд нийтэд шуурхай өгөхийг шаардсан байлаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулинд мэдээлэл түгээх, олон нийтийн саналыг авах ажилд 30 хүртэл хоног зарцуулна гэсэн байгаа хэдий ч бусад хуулинд олон нийтийн санал авахтай холбоотой цаг хугацааг тодорхой заагаагүй байна. Цаашилбал, үнэлгээнд хэрэглэсэн хуулиудад хууль тогтоомжийг хэрэглэхэд хялбар болгохтой холбоотой стандартыг огт тусгаагүй байлаа.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай мэдээллийг цахимаар авах боломжтойн зэрэгцээ хөрс, агаарт ялгарах бодисын хэмжээтэй холбоотой зөвшөөрлийг зөрчсөн тухай зарим мэдээллийг цахимаар байршуулсан байна. Олборлох үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг мөн цахимаар авах боломжтой. Гэхдээ Засгийн газар гэрээтэй холбоотой мэдээллийг нийтэд ил тод болгодоггүй байна.
• Төрийн агентлагууд байгаль орчинд холбоотой шийдвэр гаргахдаа иргэдийн саналыг анхааралдаа авах шаардлагатай эсэх тухай асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгаагүй байна. Үнэлгээнд ашигласан цөөн хэдэн хуулинд л байгаль орчинтой холбоотой шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх тухай заалт оруулжээ. Сүүлийн үед олборлох үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон хөгжлийн төслүүдийн талаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн эсэх тухай олон нийтийн асуултад холбогдох агентлаг хариу өгөөгүй байна.
• Байгаль орчны асуудлаар өмнө нь гаргасан шийдвэрийг иргэд хянах боломжтой эсэх тухай асуудлыг хуулинд тусгаагүй байна.
• Үндсэн хууль болон бусад журам (хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэхээр өргөн барих)-д байгаль орчинд нэлээд хэмжээний нөлөө үзүүлж болзошгүй, нийтээр дагаж мөрдөх дүрэм журам боловсруулахын тулд иргэдийн саналыг авч болно гэжээ.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.2-т, Засгийн газар үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, төсөл, стратегийн үнэлгээ боловсруулахдаа олон нийтээс ирүүлсэн саналыг тусгах асуудлыг анхааралдаа авах ёстой гэжээ.

Үндсэн асуудал 3: Шүүхэд хандах

Олон нийтийн мэдээлэл авах, шийдвэр гаргах процесст оролцох, эсвэл байгаль орчинд халтай үйлдлийн талаар мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн тохиолдолд ямар нэг залруулах арга хэмжээ авдаг уу? Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд заасны дагуу мэдээлэл авах хүсэлтийн дагуу мэдээлэл авч чадаагүй иргэд, хуулийн этгээд, харьяалалгүй этгээд уг шийдвэрийн мөрөөр давж заалдах эрхтэй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулинд, иргэд өргөдөл, гомдлоо эхлээд нутгийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд хэрэв тэдний шийдвэр гаргах процесст оролцох эрх нь зөрчигдсөн бол шүүхэд хандах эрхтэй гэжээ. Хэрэв төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагын буруутай үйлдлийн улмаас субстантив ба процессын хуулийн хэм хэмжээ зөрчигдсөн бол иргэд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг ч хуулинд тусгасан байна.

Иргэд байгаль орчинтой холбоотой хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргах, ийнхүү нэхэмжлэл гаргахад нь бэрхшээл тохиолдсон үед асуудлыг зохицуулах тухай заалт бүхий хууль байдаг уу? Ерөнхийдөө иргэд тэр бүр шүүхэд өргөдөл гаргаад байдаггүй ч байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн иргэд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, нутгийн захиргааны байгууллагууд байгаль орчинд хортой үйлдлийн мөрөөр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулинд төлбөрийн чадваргүй нь тогтоогдсон этгээдийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэснээс өөр шүүхэд хандахад учирдаг санхүү, хүйсийн ялгаварлалтай холбоотой бэрхшээлийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын механизм байхгүй.

Байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг баталгаажуулах үр дүнтэй эрх зүйн зохицуулалтын механизм байдаг уу? Байгаль орчинтой холбоотой хэд хэдэн салбарын хууль тогтоомжид буруутай этгээдээр нөхөн төлбөр төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх, үйл ажиллагаанд нь хориг тавих зэргээр хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдаг ч байгаль орчинд халтай үйлдлийг залруулах талаар ямар үр дүнтэй арга хэрэглэхийг ихэнх хуулинд тусгаагүй байна. Зарим тохиолдолд нэхэмжлэл гаргах гэж буй этгээд байгаль орчинтой холбоотой асуудлыг арбитр, эвлэрүүлэн зуучлалд хандан шийдвэрлүүлэх боломжтой ч Засгийн газар иргэдийн шийдвэр гаргах процесст оролцох, мэдээлэл авах, мөн бусад байгаль орчинтой холбоотой эрхийг нь зөрчсөн тохиолдолд асуудлыг өмнө дурдсан шүүхээс гадуур аргаар шийдвэрлэх боломжгүй байдаг ажээ.

Товч тойм

• Мэдээлэл авах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн бол шүүх үүнийг хэрхэн хянан хэлэлцэх тухай журмыг Монголын хууль тогтоомжид тусгажээ. Иргэний мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллагын үйлдэл, эс үйлдлийн талаар шүүх эсвэл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах боломжтой (Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 17-р зүйл). Мэдээлэл авах хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан бол тухайн үйлдэл, эс үйлдлийг хянуулах эрхийг иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй этгээдэд олгосон байдаг.
• Олон нийт байгаль орчны асуудлаарх шийдвэрийн субстантив эрх зүйн (substantive legality) үндэслэлийг хүчингүй болгуулах боломжтой. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.5-д, иргэд байгаль орчны стратегийн болон нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гомдлоо нутгийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд энэ шатанд гомдлыг нь барагдуулаагүй бол эхлээд Байгаль орчны яаманд, эцэст нь шүүхэд давж заалдана гэжээ. Байгаль орчны асуудлаар олон нийтийн оролцоотойгоор шийдвэр гаргах ёстой байсан бол тэд тухайн шийдвэр, үйлдэл, эсвэл эс үйлдлийг процессын алдаатай гэж үзсэний үндсэн дээр хүчингүй болгуулах боломжтойг хуулинд заажээ. Ерөнхийдөө иргэдийн анхаарлын төвд байдаг байгаль орчны болон байгалийн баялагтай холбоотойгоор Хүний эрх ба хөгжил төвд ирүүлсэн хэргүүдийн талаарх мэдээллийг тус төвийн цахим хуудсанд байршуулсан байдаг.
• Монгол улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хувь этгээдүүдийн гаргасан байгаль орчны талаарх шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг субстантив эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулах эрхтэй (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 болон 3.1).
• Хуулийг практикт хэрхэн хэрэглэсэн тухайд, Монголын иргэний нийгмийн байгууллагууд доод тал нь нэг удаа иргэдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол бүртгэгджээ. Монголын Байгаль орчны иргэний зөвлөл нутгийн иргэдийн ашиг сонирхлыг үл хайхран, байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2012 онд Дээд шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэрлэжээ.
• Байгаль орчны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тодорхой хортой үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн иргэд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, нутгийн захиргааны байгууллагад олгох төдийгөөр хязгаарлагдаж байна. Харин нийт иргэдэд байгаль орчны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон хууль тогтоомж байхгүй байна. Тухайлбал, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-д шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол тун цөөн байгаа бөгөөд үүний нэг жишээ нь, Хөвсгөл далайн эзэд ТББ Монгол Улсын Ашигт малтмалын газрын эсрэг гаргасан нэхэмжлэл юм.
• Байгаль орчинд хамаарах бүх хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, биелэлтийг захиргааны журмаар болон шүүхийн журмаар хянан шалгах ажиллагааг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулдаг.
• Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд хянан шалгах процессыг хэрэгжүүлэх хугацааг заасан байна. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулинд, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтийг хянан шалгахдаа шударга, эрх тэгш хандах зарчмыг баримтална гэжээ. Цаашилбал, тус хуулийн 4.1.2-т хяналт, шалгалт хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа “нээлттэй, ил тод” байх ёстой гэжээ.
• Шүүхэд нэхэмжлэл гаргахад тулгарч буй эдийн засгийн бэрхшээлийг шийдвэрлэх тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.3, 58.4-т нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй нь тогтоогдсон бол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, эсвэл тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгах тухай заажээ. Гэвч ихэнх хянан шалгах үйл ажиллагааг зардал багатайгаар гүйцэтгэх явдлыг баталгаажуулахад чухал санхүүгийн бэрхшээлийг зохистой шийдвэрлэх арга хэмжээг тус хуулинд тусгаагүй байна. Түүнчлэн, тус хуулинд шүүхэд нэхэмжлэл гаргахад тулгарч буй хүйсийн ялгаварлалын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын механизмыг ч тусгаагүй байна. Сүүлийн үеийн байдлаар иргэдээс гаргасан байгаль орчны талаарх нэхэмжлэлийг хянан шалгах үйл ажиллагаанд Засгийн газрын зүгээс тэмдэгтийн хураамжаас чөлөлөх, хэмжээг нь багасгах зэргээр ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй байна.
• Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хангалттай хэмжээнд, үр дүнтэй залруулах арга хэмжээ авах тухайд, зөвхөн цөөн тооны хэрэгт ийм арга хэмжээ авчээ. Жишээлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг хэд хэдэн хуулинд хохирсон этгээдэд нөхөн төлбөр төлөх заалт байгаа хэдий ч хувь хүнд учирсан хохирлыг хэрхэн залруулах тухай заалтыг оруулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тухай хуулинд хохирлыг шуурхай арилгах шаардлагын тухай заажээ. Монголын цөөн хэдэн хууль тогтоомжид байгаль орчинтой холбоотой нэхэмжлэлийн дагуу хориг тавих арга хэмжээ авдаг байна. Жишээлбэл, Газрын тосны тухай хуулиар Засгийн газарт олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хязгаарлах зөвшөөрөл олгосон байна (5.2). Нөхөн төлбөрийг буруутай үйлдлийг залруулах хуулийн арга хэмжээ маягаар хааяа хэрэглэдэг байна. Усны тухай хуулийн 22.16, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 22.3-т байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан этгээд нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэжээ.
• Хуулийн практик хэрэглээний тухайд үйл ажиллагаанд нь хориг тавих аргыг Хөвсгөл далайн эзэд ТББ-аас Монгол Улсын Ашигт малтмалын газрын эсрэг гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ашигласны үр дүнд тус газраас олгосон уул уурхайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байжээ.
• Байгаль орчинтой холбоотойгоор эрүүгийн шүүхээс гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг Монгол улсын хууль тогтоомжид тусгажээ. Шүүхийн захиргааны тухай хуулинд, байгаль орчны асуудлыг шүүхийн байгууллагууд хэрхэн хянан хэлэлцдэг тухай мэдээллийг иргэдэд өгөх ёстой гэжээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд, төрийг байгууллагууд “…улсын байцаагчийн хяналт шалгалт хийх журмын талаарх мэдээллийг иргэдэд өгсөн байна” гэсэн байгаа ч уг мэдээлэл нь иж бүрэн, эсвэл ашиглах боломжгүй байж болох ажээ.
• Шүүхийн захиргааны тухай хуулинд, бүх шатны шүүхийн шийдвэрүүдийг шүүхийн байгууллагууд цахим хуудсандаа байршуулах замаар мэдээллийг өөрийн санаачилгаар ил тод болгох тухай заажээ. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулинд, төрийн захиргааны байгууллагууд байгаль орчинтой холбоотой мэдээллийг иргэдийн хүсэлтийн дагуу олгоно гэсэн байна.
• Шүүх, захиргааны байгууллагуудаас сүүлийн үед гаргасан байгаль орчинтой холбоотой шийдвэрүүдийг Монголын шүүхийн цахим хуудсанд байршуулдаг байна.
• Маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэх аргын тухайд, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулинд мэдээлэл авах эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг барагдуулах механизмын тухай тусгасан байдаг ч шийдвэр гаргах процесст оролцох эрх, байгаль орчинд учруулсан хортой үйлдлийн тухай маргаанд үйлчилдэггүй байна. Гэсэн ч зарим гомдлыг эвлэрүүлэн зуучлалын аргаар барагдуулах боломжтой юм. Мөн зарим тохиолдолд маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэх өөр нэг арга болох арбитрт хандах боломжтой. Гэвч байгаль орчинтой холбоотой эрхийн зөрчлийг энэ аргаар шийдвэрлэх боломж бага байна.

 

Advertisements