Сонгогч таны хариуцлагатай сонголтод туслах 10 чухал санамж

  1. top1_vte_102908Сонгогч Та саналаа өгөхөөр очихдоо “Байгальд ээлтэй нэр дэвшигчийг дэмжихээр шийдсэн “Өөрийнхөө сонголтыг Өөртөө зөв” гэдэгт өчүүхэн ч бүү эргэлз. Бие даасан сонголт хийхэд энэ л Танд тус болно.
  2. Саналын хуудсын анхааралтай унш. Бүү яар. Бодох хугацаа ч бас байна.
  3. Хэрвээ ухуулагчид Танд ажил, албан тушаал амлах, архи дарс, мөнгө гээд ямар нэгэн бэлэг өгөхийг оролдвол “Энэ бол түгшүүрийн дохио” гэж бод. Үнэгүй өгөөш зөвхөн хулганын занганд байдгийг санагтун. Саналаа худалдана гэдэг эрх мэдлээ бүрмөсөн алдлаа гэсэн үг. Нэгэнт худалдагдсан саналын хойноос хариуцлага нэхнэ гэдэг санасны гарз.
  4. Гадаад өнгөнд бүү хуурт. Гадарлах бус доторло. Уг үндсийг нь ухаж үзэхийг хичээ. Нэр дэвшигчдийн хүчтэй сүржин үг яриа, том сайхан амлалтуудад хууртаж болохгүй шүү. Энэ хүн улс эх орныхоо ирээдүй, байгаль орчныг хамгаалах, эгэл жирийн иргэд, бас Таны төлөө бодитой ямар ажил хийж чадахыг үнэлж цэгнэгтүн.
  5. Хэрвээ Та хариуцлагатай сонголт хийхийн тулд цаг зав, хөлс хүч гаргахыг хүсэхгүй байгаа бол дараа нь хэн ч Таны өмнө хариуцлага хүлээхгүй гэдгийг ухаарагтун. Таны санал жин дарахгүй ч төрийн эрх мэдлийн нэгээхэн хэсэг мөн. Гэвч үүнээс Таны ирээдүй төдийгүй хэнээр хэрхэн удирдуулах тань ихээхэн хамаардгийг сана.
  6. “Бүх нэр дэвшигчдийн эсрэг” санал бүү гаргагтун. Энэ бол Та ухуулагчдын уран аргад хууртагдаж, сонголтоо хийж чадахгүй “савалж” байгаа хэрэг. Байгальд ээлтэй нэр дэвшигчдийг эрэгтүн.
  7. Ухуулагчдын элдэв ятгалгад бүү авт. Үнэн бодитой мэдээлэлд үндэслэсэн хариуцлагатай сонголт хийхээ тэдэнд батлан харуулагтун.
  8. Ухуулагчид Таны “тархийг угаах”-ыг завдаж болзошгүй тохиолдолд санамжуудаа эхнээс нь дахиад нэг удаа уншаарай.
  9. Хэрвээ Та муу санаатай, башир аргатай ухуулагчдын тавьсан занганд ороогүй бол хариуцлагатай сонголт хийхээр биеэ бэлтгэхэд цаг заваа дэмий үрээгүй гэсэн үг. Танд баяр хүргэе.
  10. “Биеэ мэдвэл хүн” гэдэг. Өөрөө өөрийгөө удирдаж, өөртөө хариуцлагатай сонголт хийсэн Танд маш их баярлалаа.


Иргэдийн оролцооны багш Б.Баярмаа Танд зориулан бэлтгэв.
2016.06.23

Advertisements