Туулаа цаазалж буй нийслэлчүүд

“Хатан Туул ширгэх учиргүй” сэдэвт сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдааны сонины нийтлэлийн төрлөөр 2-р байр эзэлсэн сэтгүүлч Э.Азжаргал (” Times.mn” сайтын сэтгүүлч, хөтлөгч)-ийн бүтээл

 Улаанбаатар хотыг эмжээрлэн таван аймгийн 37 сумыг дамнан урсдаг Туул гол өнөөдөр амьсгал нь тасалдаж буйтай адил болжээ.  Цагтаа эргээ халин үерлэдэг, нийслэлчүүдийг усанд автуулж байсан гэх дурсамж түүх болжээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан дэлхийн хамгийн бохирдолтой голын нэгээр нэрлэгдэж “Хатан Туул” нэр нь гоёджээ гэж хэлж байгаадаа харамсаж байна. Нийслэл дэх Туул голын сав газар өнөөдөр ямар байгааг үзүүлэхийг зорилоо. Биокомбинатын урд толгой дээр гарахад Биокомбинатын орчин бүхэлдээ харагдаж байв. Биокомбинат ТӨҮГ –ын хаягдал усны шугамын дагуу гол руу нийлж байгаа хэсэгт ирлээ.

%d0%b0%d0%b7%d0%b6%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb

Ойр орчим эргэн тойрон тэр чигээрээ хогонд дарагдаж, эхүүн үнэр үнэртэж байсныг нутгийн иргэд хүхрийн үнэр гэж тайлбарлалаа. Голын эрэг дээр ургасан модны салаалсан мөчрийн нэг тал нь хатаж үхэжсэн байхад нөгөө үзүүрээс нь шинэ нахиа дэлгэрч ногоорсон нь мод ургамал хүний муу нөлөөлөлд тэсч үлдэх гэж хэрхэн тэмцэж буйг харж болно. Голын ойр орчим өмхий эхүүн үнэр бүхий балчиг шавартай, ойр орчмын мал эндээс л ундаална. Таван толгойн гүүр болон Сонсголонгийн гүүрний орчимд очиж үзэхэд нөхцөл байдал яг адилхан байв. Туул голын эрэг замагтан хогонд дарагдаж, арьс ширний үйлдвэр, цэвэрлэх байгууламжаас бохир усыг гол руу цутгаж , бохирын цооногоос ханхалдаг, хамар сэтлэх шахам эвгүй өмхий үнэр голын эрэг орчмыг бүхэлд нь бүрхсэн байлаа. Гол цөнгөө түрэхгүй удах тусам тэсхийн аргагүй эхүүн үнэрээр дүүрч, хаврын урт өдрүүдийг хууч ужиг өвчтэй хүн шиг шаналан зовиурлаж арай ядан урсаж байна. Туул гол хот дотроо Маршалын гүүрнээс Зайсан хүртэл хэд хэдэн газар тасарсан байдалтай байв. Бургас хайлаас нь шингэрээд бут сөөг мэт болж, хатаж хуурайшсан сайр чулууд нь усаа нэхэн уйлах мэт. Тунаран мяралзан урсдаг Туул гол тасраад усгүй болсныг харахад өөрийн эрхгүй харуусал төрж сэтгэлд гуниг хөвөрнө.

%d0%b0%d0%b7%d0%b6%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb-%d3%a9%d0%b9%d1%8b%d3%a9%d0%b9

Бидний дуу шүлэг яруу найрагт мөнхжүүлсэн, Туулын урсгал хавартаа тасарч, хэсэг хугацаанд амьсгал нь тасалддаг болсоор олон жилийг үдэж байна. Туул голыг тэжээдэг Бөхөг болон Түргэний гол гэж байжээ. Бөхөг голын хөндий Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт ордог боловч ХУД –ийн 13-р хорооны нутгийн зааг дээр карьеруудын үйл ажиллагаа явагдаж байна. Бөхөг гол 2010 оны үед машины хамар давсан их устай  байжээ. Гэвч  олон компани хайргыг нь  их хэмжээгээр ухсанаас  усгүй болж ширгэж алга болжээ. Дээрээсээ ус орж ирдэгч 30 гаруй компани бүдээрээ хууль зөрчөөд голын гольдролыг ухаад эхэлсэн учраас урсаж ирсэн ус, ухсан карерийн нүх рүү ороод цааш урсахгүй болсон гээд экологийн гамшиг нүүрлэсэн байдлыг харахад нүд халтирмаар. Бид сурвалжлага хийж явахдаа Туул гол их байжээ, ийм нэртэй гол урсдаг байжээ, булаг байжээ гэж дандаа өнгөрсөн цаг хугацаан дээр ярьж бичиж байна. Туулын ус тасарч ширгэх учиргүй, тунаран мяралзан урсах учиртай.

Туулыг мөхөөж буй эхний шалтгаан

Туулыг тамирыг тасалж буй тоо баримт бүхий ганц жишээ дурдахад, Туул голын найман цэгээс дээж авч нян судлалын 20-23 үзүүлэлтээр шинжилжээ. Гэтэл байх ёстой нянгийн хэмжээ хэд дахин ихэссэн байна. Тухайлбал, Налайх орчимд долоо, Туул голын доод хэсгээр 47-70, гэдэсний савханцарын тоо 10-100 дахин их, Төв аймгийн Алтанбулаг сумын орчимд эмгэг төрөгч нян ихээр илэрсэн дүн гарчээ. Үүнд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэж ариутгасан усыг Туул гол руу шууд нийлүүлдэг нь ч нөлөөлдөг аж. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голоо тухайн сумын малчдын 90 гаруй хувь нь бараадаж амьдардаг аж. Зөвхөн Алтанбулагийнх ч биш Аргалант, Баянхангай, Дундговийн малчин өрхүүд зунжиж, намаржиж Туулаас малаа усалж, өөрсдөө ч ундандаа хэрэглэдэг.  Туул голын ус үнэхээр их бохирдсон байгаа нь харагддаг гэдгийг нутгийн иргэд хэлдэг. Зөвхөн харагдах бус бүр дулааны улиралд өмхий үнэр ч хамар цоргидог бол үүнийг баталж, ахуйн хэмжээний бохирдол 15-20, харин химийн, хромын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 30 дахин их болсон гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэжээ.

Өдрөөс өдөрт хаяа түрэн барилгажиж өргөжиж байгаа нийслэлчүүд нэг л өдөр бохиртоо автах аюул нүүрлэсэн гэдгийг Усны газрын дарга хэлж байсан. Улстөрийн хүрээнийхэн үнэн үг хэлсэн даргыг баахан баалж дуугүй болгоод санаа амрав. Нийслэлчүүдийн бохирыг Туул голдоо урсгаад байхад болно гэж бодсон албан тушаалтнууд нэг л өглөө өөрсдөө бохироо дийлэхээ байхад асуудал, цаг хугацааны тухай ярих эрхгүй болсон байх болов уу.

ХУД-ын 12-р хорооны иргэн Ц.Нэргүй гуай  Биокомбинатын бохирын шугам, орон сууцны шугам гэх хоёр төмөр хоолой айлуудын дунд машин зам дээр ил байдаг тухай ийнхүү ярьсан юм. Энэхүү турба нь үе үе задарч, ус алдан айлын хашааг бохир усанд автуулдаг байна. Өвөлд нь хүмүүс хальтарч унан бэртэж гэмтэнэ, зундаа өмхий үнэр үнэртэн ногоон ялаа битүү шаваад нян бактери ихээр үржих нөхцөл бий болдог аж. 1972 онд үйлдвэр баригдахад л хийгдсэн шугам сүлжээ өнөөдөр илэгдэн хуучраад хүүхдийн зулай шиг болсон доо гэж байлаа. Оршин суугчид Туул гол нь бохирдож  ширгэн, нийслэлчүүдийн хамаг муу муухай, бохирыг тээж ядан урсаж байгаад дэндүү харамсаж буйгаа хэлж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s