“Хатан Туулаа хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааны дэд байранд шалгарсан илтгэл

“Отгонтэнгэр” их сургуулийн эрх зүйн ангийн оюутан Н.Булгантамир

Алтаар аадар бороо орсон ч хүний шунал ханадаггүй хэмээх үгээр энэхүү илтгэлийн удиртгал хэсгийг эхлүүлмээр санагдав. Хүн төрөлхтний мөхөл хэмээх номонд биднээс эхлээд хүн чанар, ёс суртахуун гадагшилсан бол одоо бид мөхлийн сүүлийн алхам буюу байгаль орчныг өөрийн эрхшээлд оруулах гэж байна гэсэн утга бүхий санааг илэрхийлсэн байдаг билээ.

Тогтвортой хөгжлийн хэм хязгаарыг тодорхойлох нэг нөөц бол ус юм. Энэ нь юугаар ч орлуулшгүй бөгөөд хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага, түүний хангамжийн тэнцлийг илэрхийлж байдаг. Манай дэлхий ертөнцийн нийт усан сангийн дөнгөж 2,5 хувь нь хүний физиологийн хэрэгцээг хангах цэвэр ус, 0,5 хувь нь гүний болон хөрсний ус байна.

Дэлхийн цэвэр усны нөөцийн 54 хувь нь хэрэглэгджээ. Нэг хүнд ногдох усны хэмжээ энэ хэвээр хадгалагдаад, хүн амын өсөлт энэ хэвээр үргэлжилнэ гэж үзвэл бид нийт цэвэр усныхаа 70 хувийг 2025 он болтол хэрэглэх тооцоо байна. Өнгөрсөн 70-аад оны туршид дэлхийн хүм ам гурав дахин өслөө. Үүний зэрэцээгээр ч аж үйлдвэрийн хөгжил, усжуулалтын системийг хөгжүүлэх замаар ч усны хэрэгцээ 6 дахин өслөө.

 Дээрх бүгд л аймшигтай үзүүлэлт байхад монголчууд бид хүрээлэн буй орчин, уух усны минь ундарга ХАТАН ТУУЛ голтойгоо хэрхэн харьцаж байгаагаараа түүхэн хуудас дунд хараар бичигдэх он жилүүдийн эзэн болсон байна.

ХАТАН ТУУЛ ГОЛОО ХАМГААЛАХ ХААН УДАМТ МОНГОЛ АРД ТҮМНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ БҮХЭНД ЭНЭХҮҮ ИЛТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ БАЙНА.

ХАТАН ТУУЛАА ХАМГААЛАХ АРГА ЗАМ

Өнгө гандаж мөнгө дуусдаг нийгэмд чухам юуны төлөө мөн чанараа худалдаж байгааг би гайхах юм. Үхсэн ч үнэнээр явах ёстой хэмээн Монголчууд бид ёс суртахуундаа суулгаж ирсэн байтал өнөөгийн нийгэмд бас л алдагдсан юм. Мал минь бэлчих тал, үрс минь тоглох талбай, цангасан бүхний ундаа болсон тунгалаг ус, амьсгаа авахад минь утаа биш уудам сайхан нутгийн минь үнэр үнэртвэл сайхан ажаамуу.

Дэлхий дахинд ундны усаа бохирдуулж, тэр хэрээр өвчин зовлонд баригдсан олон орон бий. Өнгөрсөн оны хавар Турк улсад болсон Олон улсын усны форумаас гаргасан баримт бичигт 2020 он гэхэд дэлхийн долоон миллиард хүний 47 хувь нь цэвэр усны хэрэгцээгүй амьдарна гэсэн тооцоо гарчээ. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглэмээр тоо.

Бид хойч үедээ уух устай, идэх хоолтой, онгон тансаг байгальтай, баян Монгол орноо өвлүүлэн үлдээхийн тулд, байгаль уур амьсгалын өөрчлөлтөнд бэлэн байж, түүний хор уршгийг бууруулах, өөрчлөгдөн байгаа орчин нөхцөлдөө зөв зохицон амьдрах талаар одооноос эхлэн санаа тавьж хэрэгжүүлэх ажил, авах арга хэмжээ нэн олон байна. Усны гачигдалд өртөхгүй бүс нутаг, аймаг, сум, аж ахуйн нэгж, иргэн гэж үгүй юм.

Нэгэн үе “Ус шимгүй боловч түмэн бодисьн тэжээнэ” хэмээн их найрагч хэлж байсан удаатай. Түүний хэлснээр Түмэн бодисыг тэжээгч усаа бид хайрлахгүй юм бол 2020 он гэхэд усны хэрэгцээгүй орнуудын тоонд орохгүй гэх баталгаа алга.

Өнөөдөр нийслэл хотын минь усны ундарга болох хатан Туул гол минь ямар байгааг энэхүү илтгэлдээ дурьдахгүй та бүхэн статистик тоо баримт шаардлагагүй, нүдээр харахад ойлгомжтой байгаа бизээ.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас /Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Орхон голд цутгах хүртлээ /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг/ 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг байна. Туул гол бохирдлоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт орж байна гэдэг нь  Монгол улсын хувьд эмгэнэл юм.  Үүнд төр гэлтгүй түмэн олноороо анхаарах цаг ирээд байна.

Энэхүү илтгэлээ бусдын адил байгаа байдлыг дурьдах бус хамгийн зөв менежмент, гарц гаргалгааг олж илэрхийлэх гэсэн юм. Гэхдээ аливаа зүйлийн гарцыг илэрхийлэхийн тулд асуудлыг тодорхойлох ёстой билээ.  Одоогийн байдлаар байвал усыг үр ашигтай ашиглах асуудалд амжилт гарахгүй ажээ. Улс орнууд дотоодынхоо усны хэрэглээний  асуудлаар мэдээлэл цуглуулахад олон янзын аргыг хэрэглэдэг байна.

Ус нь дутагдах дараах хэдэн шалтгаантай. Үүнд усны нөөц хомс бөгөөд тэр нь багасах үзэгдэл, цэвэр ус бохирдох, ус түгээгүүрийн хангалт, үйлчилгээ хүрэлцээгүй зэргээс үүдэлтэй юм.

  1. Усны нөөцөд үзүүлэх сөрөг нөлөө
  • Усыг зохисгүй ашиглах
  • Гол мөрний эх авдаг уулсын ойг хавтгайруулан огтлох
  • Зарим цутгал голыг газар тариаланд ашиглах
  • Голын хөндий дагуу ажиллах алтны уурхай үйл ажиллагаа
  1. Усыг бохирдуулах эх үүсвэрүүд
  • Ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэхгүй хаях
  • Цэвэрлэх байгууламжийн эвдрэл гэмтэл, техник технологийн горим зөрчигдсөнөөс бохир усыг шаардлагтай түвшинд цэвэрлэж чадахгүй болдог.
  • Ус хангамжийн эх булгийн хамгаалалтын бүсийн дүрэм зөрчих
  • Хуурай хог хаягдлыг заасан цэгт хаяхгүй, химийн хорт бодис бордоог технологийн дагуу хэрэглээгүй зэргээс болж ус бохирдож байна.

Хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, бохир хэрэглээнээс болж хот орчмын усны бохирдол ихсэж байгааг олон жилийн судалгаа харуулж байна.

Туул голын усны бохирдлын хэмжээ 5-р зэргээс буурахгүй, бохирдуулах бодисын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их болоод байна. Туул голын цутгаж байгаа бохир усны 47%-ийг үйлвэрийн  хаягдал ус эзэлж байна. Үлдсэн 53%-ийг хүний үйл ажиллагаа ахуйн хэрэглээнээс үүдэлтэй буюу орон сууцны хаягдал ус эзэлдэг байна.

Химийн хорт бодис ихээр хэрэглэдэг үйлдвэрүүдийн бохир усыг төв цэвэрлэх байгууламж бүрэн цэнгэгжүүлж чадахгүй байгаагаас дутуу цэвэрлэсэн хаягдал ус Туул гол руу шууд цутгаж бохирдуулж байна.

Ямар харанхуй юм бэ? гэж хашгирснаас ядаж ганц лаа асаа гэдэг үг байдаг шүү. Тэгэхээр удаах гарц гаргалгаа нь миний хувьд хоёр ангилж үзэж байна. Төр иргэн хоёрын хамтын ажиллагаа нь энэхүү асуудлыг тойрох биш дайрж гарахад илүү хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Усны бохирдлын эх үүсвэр нь ердөө л хүний үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа юм. Усны бохирдолд: аж ахуйн үйл ажиллагааны нөлөөлөл, ялангуяа хот суурин, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрлэл, уул уурхай, түүний дотор алтны үндсэн болон шороон ордны үүдэлтэй эрдэс, фосфор, хром зэрэг химийн бодис, зэс мэт хүнд металлын бохирдол орж байна. Ахуйн хог хаягдал, малын сэг зэм нь органик гаралтай бохирдолд тус тус нөлөөлдөг.

1.Иргэний зүгээс

 Дээрх статистикаас харвал хүний ёс суртахуунгүй үйлдэл хамгийн их хувь нэмэр оруулж байгаа гэдгийг баталж чадаж байна. Усны бохирдлыг багасгах, арилгахын тулд хууль дүрэм, стандартыг мөрдөх, ус бохирдуулсны төлбөр тогтоох ёстой. Ёс зүйгээр шийдэж чадаагүй зүйлийг шийдэх гэж төр үүссэн шүү дээ. Төр нь хуулийн санкцаар шийддэг. Өнөөдрийн болсон зүйлс ёс суртахууны хэм хэмжээгээр шийдэгдэж чадахгүй байгаа нь өнөөдөр биднийг энд хүргэж байгаа тул хуулийн чанга хатуу санкц ажилах ёстой юм.

  1. Төрийн зүгээс
  • Хатуу хог хаягдлын нэгдсэн менежментйиг хэрэгжүүлэхэд дараах салбар байгууламжуудыг байгуулах шаардлагатай. Үүнд: Хогийн хэмжээг багасгах хогийг ялгах цех, хогийг дахин боловсруулах үйлдвэр, хогийг шатааж дулаан ялгаруулан эрчим хүч гаргах үйлвэр, хогийн төвлөрсөн цэг байгуулах гэх мэт
  • Бохир усыг цуглуулах систем. Хогны байгалийн ялзралаас гарч ирж буй бага хэсэг нь хур тунадасны устай холилдон бохир ус үүсгэдэг. Хүнхээлд байрлуулах бохир ус цуглуулах систем нь бохир усыг цуглуулан, зайлуулан цэвэрлэж зохицуулах үүрэгтэй. Үүнээс үүдэлтэйгээр 3-р арга хэмжээ гарч байгаа билээ.
  • Ус цэвэршүүлэх байгууламж нь өнөөдрийг хүртэл ачааллаа дийлэхгүй шинээр баригдаж байгаа барилгын бохирын асуудлыг шийдэж чадахгүйд тулсан билээ. Тйимээс өнөөдрийн гарц гаргалгаа нь 1-2 хүртэл үндэсний хэмжээний хөтөлбөр биш ч гэсэн нэн чухал авах ёстой арга хэмжээнүүдийн нэг билээ.

Сөөм бие сөхрөхийг үл мэдэн, алд бие алжаахыг эс огоорон тэмцэж явсан их өвөг дээдэс минь сэрэхэд айх айдасгүй байх л хэрэгтэй юм.

ДҮГНЭЛТ

Уг илтгэлийн эхнээс л би нийгмийн сайн сайхан зүйлийг хар бараан зүйлстэй дэнсэлж бичсэн билээ.  Учир нь амьдрал гэдэг чинь эерэг болон сөрөг талын огтлолцол дээр үргэлжлэх цаг хугацаа юм.

Харин энэхүү илтгэлдээ миний бие огтлолцсон шулууныг цааш нь үргэлжлүүлэх сэтгэл монгол ард түмэнд бий юу?  хэмээх асуудлыг хөндөж ирсэн юм. Монгол хүн бүр хязгаар нь үл харагдах ногоон талдаа үрсээ эрхлүүлж, хэнээс хараат бус эх орондоо уух ус, амьсгалах агаараа худалдаж авахгүй амьдрахыг хүсдэг нь ойлгомжтой.  Харин хүсэл бүхнээ хэрэгжүүлэхэд алдаа гараад байгаа нь “Ёс зүйн алдаа” хэмээн дүгнэж хэлмээр байна. Сэтгэлгээ, Ёс зүй бий болсноор хөрст дэлхийд үйлдэл болон хувирна.

Анхаарлаар шагнасан та бүхэндээ баярлалаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s